Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын талаар хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр "Монгол Улсын Үндсэн хууль: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт ирүүлсэн.Тэрбээр илгээлтдээ "Монголын шүүгчдийг мэргэшил, шударга ёсны баримжаагаар нэгтгэн, хөгжиж буй улсад тохирсон онцлог бүхий мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хуулиар байгуулсан нь хууль зүйн салбарт томоохон дэвшил болсон бөгөөд өнөөдөр та бүхэн шүүгчийн хараат бус байдлын талаар өөрсдөө санаачлан хэлэлцэж байгаа явдалд Монгол Улсын Ерөнхий шүүгчийн хувьд талархал илэрхийлье” хэмээн онцолжээ(Илгээлтийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу!)

    Тус хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч удирдан явуулсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор, доктор О.Мөнхсайхан "Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт:Шүүх эрх мэдэл” сэдвүүдээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа нар "Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад анхаарах зарим асуудал”  сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэж буй туршлагаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэд дарга У.Тамир нар хуваалцсан бол  Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны тайлан, мэдээллийг Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт танилцуулж, шүүгчдэд мэдээлэл өгсөн юм.

    Энэ удаагийн хэлэлцүүлэг нь зөвхөн шүүгчдийг хамруулснаараа онцлог байсан бөгөөд 21 аймаг болон нийслэлийн төлөөлөл болсон 80 орчим шүүгч тус үйл ажиллагаанд оролцсон. Тэд хэлэлцүүлгийн үеэр "Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж, тус дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа уламжилсан юм. Оролцогчдын уламжилсан санал, зөвлөмжийг нэгтгэн Шүүгчдийн хорооноос эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр боллоо

Нэвтрүүлэг